“Нэг Монгол” төрийн бус байгууллага 10 жилийн ойгоо 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү арга хэмжээ нь байгууллагын үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн ардчилал, иргэдийн оролцоо, нийгмийн шударга ёс, хамтын хөгжилд оруулсан хувь нэмрийг дүгнэн харуулах онцгой өдөр байв.
Ойн баярын хүлээн авалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тэргүүтэй төр, иргэний нийгмийн зүтгэлтнүүдийн төлөөлөл, олон улсын түншүүд, хамтран ажиллагч байгууллагууд, сайн дурынхан болон залуус өргөнөөр оролцов. Арга хэмжээнд 200 гаруй зочин уригдан ирж, хамтын аяллынхаа түүхийг эргэн санан, цаашдын зорилго, чиг хандлагыг хамтдаа тодорхойлов.
Байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Амгалан болон үүсгэн байгуулагчид баярын үг хэлж, ирээдүйн зорилтыг танилцууллаа. Тэдний онцолсноор, ирэх 10 жилд “Нэг Монгол” нь Монголын ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байна.
“Нэг Монгол” хөдөлгөөн болон түүнээс өргөжсөн олон клуб, холбоодын төлөөлөл ч оролцож, байгууллагын сүлжээний хүч, иргэдийн оролцоонд суурилсан хамтын хөгжлийн үнэ цэнийг тодотголоо.
Ойн баяр нь “Нэг Монгол” ТББ-ын хувьд зөвхөн өнгөрснөө дүгнэх өдөр бус, харин ирээдүйн замналыг тодорхойлох шинэ эхлэл байлаа.