Нэг Монгол – Үндэсний номын баярт амжилттай оролцож байна

“Нэг Монгол” төрийн бус байгууллага 2025 оны Үндэсний номын баярт идэвхтэй оролцож, асартаа гурван чухал бүтээлийг танилцууллаа.

Энэ удаагийн номын баярт байгууллагаас дэлхийн болон үндэсний хэмжээнд онцгой ач холбогдол бүхий бүтээлүүдийг сонгон оролцож байна.

Нэгдүгээрт, Стэнфордын их сургуулийн профессор Жеймс Фишкиний алдарт “Зөвлөлдөх ардчилал ардчиллын гажуудлыг засаж чадах уу?” номыг монгол уншигчдад хүргэлээ. Энэхүү бүтээл нь орчин үеийн ардчиллын тулгамдсан асуудлыг шинэ өнцгөөс авч үзэж, иргэдийн оролцоог гүнзгийрүүлэх боломжийг онцолдог.

Хоёрдугаарт, олон улсын харилцааны сонгодог бүтээлүүдийн нэг болох Николас Спикмэний “Энхтайвны газарзүй” номыг танилцуулсан. Энэхүү бүтээл нь геополитикийн онол, дэлхийн хүчний тэнцвэрийн талаарх ойлголтыг уншигчдад хүргэж, өнөөгийн олон улсын нөхцөл байдалтай холбон унших өргөн боломж олгодог.

Гуравдугаарт, байгууллагын өөрсдийн эрхлэн гаргасан шинэ хэвлэл болох “Нэг Монгол – Оюуны хөгжилд” сэтгүүлийн №1 дугаарыг олон нийтэд толилуулсан. Энэ сэтгүүл нь дотоод, гадаадын улс төр, эдийн засгийн асуудалд бодлогын шинжилгээ хийж, иргэний нийгмийн хөгжил, оюуны орон зайг тэлэх зорилготой бүтээл юм.

Үндэсний номын баярын үеэр “Нэг Монгол” ТББ-ын асарт зочилсон уншигчид эдгээр бүтээлтэй танилцахын зэрэгцээ судлаач, орчуулагчидтай шууд харилцаж, санал бодлоо солилцох боломжтой байв. Залуучууд, судлаачид, багш, оюутнууд өргөнөөр сонирхож, оюуны хөгжлийн шинэ салхи сэвэлзүүлсэн арга хэмжээ боллоо.

Байгууллагын төлөөлөл энэ үеэр “Монголын ардчилал, нийгмийн хөгжилд дэлхийн оюуны үнэт бүтээлүүдийг танилцуулахын зэрэгцээ, өөрсдийн судалгаа, дуу хоолойг хүргэх нь бидний эрхэм зорилго” хэмээн онцолсон.

Үндэсний номын баярт оролцсон нь байгууллагын хувьд зөвхөн соёлын арга хэмжээ бус, харин Монголын иргэдийн мэдлэг, ардчиллын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн стратегийн ажил болсон юм.

Хариулт үлдээнэ үү

Шинээр нэмэгдсэн

Сошиал хуудас